Байгаль нуур
Байгаль нуур

Байгаль нуур нь дэлхийн хамгийн эртний тектоник үүсэлтэй нуур бөгөөд түүний насыг 25-50 сая жил гэж үздэг. Нуурын гүн 1600 метрээс их бөгөөд судлаачдын тооцоолсноор түүний тунадас нуурын ёроолоос даруй 5000 метрийн гүнд хүрдэг. Байгаль нь дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур бөгөөд дэлхийн цэнгэг усны 20%-ийг агуулдаг.

Түүний урт нь 640 км бөгөөд агуулах усны хэмжээ нь Хойд Америкийн их нууруудыг нийлүүлснээс ч их юм. Байгаль руу 335 гол мөрөн цутгадаг бөгөөд ганцхан Ангар мөрөн гарч урсдаг.

Гол гурван цутгалан нь Сэлэнгэ, Дээд Ангар, Баргузин голууд бөгөөд эдгээр нь жилийн нийт усны урсгалын дөрөвний гурвыг (58.8 шоо.км ус) бүрдүүлдэг бол үлдсэн хэсгийг жижиг гол горхиуд хангадаг.

Байгаль нуурыг түүний гоо үзэсгэлэн, цэвэр тунгалаг усаараа “Сибирийн сувд” хэмээн хүндэтгэдэг. Байгаль нь нарийн төвөгтэй өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоо болон гүний халуун булгуудаараа далайг санагдуулам өвөрмөц нуур юм.

Нуурын орчмын амьтдын 70% нь зөвхөн энд л байдаг буюу эндемик (дэлхийн хаана ч таарахгүй) төрөл зүйлүүд юм.

Байгал нь омуль, сибирьийн форель, хайруус, сиг, хилэм зэрэг худалдааны өндөр үнэ цэнтэй амтлаг загаснуудаараа баялаг.

Байгаль нуурын бүс нутаг нь олон зууны турш олон өөр угсаатны бүлгүүдийн хувьд ариун дагшин газар байсаар ирсэн. Ольхон арал нь Монголын их хаан Чингисийн төрсөн газар хэмээн үздэг. 1996 онд ЮНЕСКО Байгаль нуурыг “дэлхийн өвийн жагсаалтад” бүртгэн, 3.15 сая га талбайг олон улсын хамгаалалтад авсан.

Байгаль нуур 2500 гаруй төрлийн амьд биетийг тэтгэдэг бөгөөд үүнд 960 төрлийн амьтан, 400 гаруй зүйлийн ургамал зөвхөн энд л байдаг. Эдгээрийн дунд мөстлөгийн үеэс амьд үлдсэн цорын ганц цэнгэг усны далайн хав болох Байгалийн нерпа бий.Энэ бүсийг үндэсний хүрээлэн, дархан цаазат газрууд хамгаалдаг.

Баргузины дархан цаазат газар нь Оросын хамгийн эртний байгалийн нөөц газруудын нэг бөгөөд анх булга хамгаалах зорилготой байгуулагдсан ч хожим бүс нутгийн нийт ургамал, амьтан, ой модыг хамгаалах үүрэгтэй болсон.

Байгаль нуур намартаа

Байгаль нуур өвөлдөө

Байгаль нуур хавартаа

Байгаль нуур зундаа